Oct 17, 2017

Бяр тэнхээгээрээ домог болон үлдсэн хүчтэнүүд #1

Эдгээр мэдээлэлүүдийг интернетээс хайгаад уншиж болох боловч бүгд өөр өөр вэб сайтад байгаа тул ийнхүү нэгтгэхийг хичээлээ.

1. Дайчин вангийн Хулгар Нацаг /Жинхэнэ нэр Д.Баянмөн/

  
- “Хулгар” Нацаг ид сайхан барилдаж байх үедээ хэрэгт сэжиглэгдэн хар гэрт хоригдсон байдаг. Наадам дөхөөд ирмэгц Нацаг шоронгийн ахлах хуягаар дамжуулан хошуу ноёноосоо “Та намайг улсад барилдуулаач. Би наадамд түрүүлж хошууныхаа алдрыг дуурсгах болно. Хэрвээ түрүүлж чадвал намайг дээдэст айлтгаж хэргээс мулталж чадах уу” гэж асуулгажээ. Ноён ч зөвшөөрч “Хулгар” Нацаг даншигт барилдаж дөрөвт үлдээд унажээ. Тэгтэл ноёнтон “Чи хэлсэн амандаа хүрсэнгүй. Чиний чадал дутлаа. Ийм шилийн сайн эр байдаг юмуу” гэж ширүүхэн хэлэхэд Нацаг “Ноёнтон минь даншиг бол төрийн гол наадам. Энэ их наадамд хэрэгтэн ялтан хүн түрүүлэх нь онцгүй гэж би бодлоо. Хэрэв таныг соёрхвол арван засгийн наадамд барилдаад түрүүлье” гэсэн гэдэг. Хариуд нь ноён “Хулгар нохой чи яасан зальтай нөхөр вэ” гэж инээгээд арван засгийн наадамд барилдахыг нь зөвшөөрсөн гэдэг. Энэ наадамд үзүүр түрүүнд Намхай аварга Нацаг хоёр үлджээ. Хоёр хүчтэн хэд хэдэн удаа барьж тавилцав. Нацаг яльгүй хэвгий газар таармагц аваргыг улаан сугаар нь тэвэрч аваад нохой мордон түрж хөөсөөр өвдөг шороодуулж арван засгийн наадамд түрүүлжээ. Ингэж тэр арслан цол хүртэж, ноён ч түүнийг дээдэст айлтган хэргээс мулталсан гэдэг

Нэг намар Бэжингээс тэмээн жингээр ирсэн Манж амбаны ачаа барааг хятадууд “Бээжин” Соном гэгчийн хашаанд буулгажээ. Тэднийх “Гэсэр” сүмээс зүүн урагш хоёр метр гаруй өндөр хашаатай, бат бэх цоож цуургатай дааман хаалгатай тул ямар ч хулгайч халдаж чаддаггүй байж. Гэтэл нэг өглөө босоод эд юмаа бүртгэхэд дөрвөн тэн бараа алга болчихсон байж. Шөнө нь цас орсон тул мөрдөж үзвэл хоёр хүн ирж хашаа давуулаад Гандангийн зүг явсан байх бөгөөд удалгүй олны мөртэй хутгалдан алга болжээ. Хүний санаанд багтамгүй энэ хачин явдлыг “Бээжин” Соном Манж амбанд мэдэгдэхэд тухайн үед хүрээний хэргийг эрхэлж байсан Дайчин ван Ханддоржийг дуудаж хулгайчийг нэн даруй ол гэж тушаасан байна. “Энэ ер нь манай Дайчин вангийн “Хулгар” Нацагаас зайлахгүй” гэж Ханддорж ван дотроо бодоод Манж амбаныхаас гарчээ. Тэгээд дагалдан яваа хүмүүсээсээ “Нөгөө Хулгар нохой хаана яваа бол” гэж асуухад “Өчигдөр орой хүрээнд ороод ирчихсэн явж байна лээ” хэмээжээ. Ханддорж ван “Түүнийг даруйхан ол” гэж тушаахад бараа бологсод нь тал тал тийшээ бутран алга болжээ. Тэд “Хулгар” Нацагийг Шинэжамц арслангийнд байна гэж сонсоод тэр даруйдаа баривчлаад Ханддорж ван дээр авчирсан байна. Ханддорж ван “За Нацаг чи амбаны дөрвөн тэн ачааг яасан бэ?” гэж тулгаж асуухад Нацаг “За тэнд л байгаа даа” гээд Дүйнхор вангийн хашаа руу заажээ. “Чи яаж аваа вэ” гэвэл “Жа би Жамцтай хоёул очоод өргөөд явчихсан юмаа” гэж. Эл байдлыг Дайчин ван Ханддорж Манж амбанд мэдэгдсэнд “Тэр өндөр хашаан дээгүүр хоёр тэмээний бүтэн ачааг хоёрхон хүн авч явсан гэдэгт би хувьдаа итгэхгүй. Хэрэв энэ үнэн бол надад хэрхэн авсаныг нь үзүүл” хэмээжээ. Ингээд үзүүлэн болох үед Нацаг, Жамц хоёр том модон шат бариад ирсэн байна. Тэгээд хашааны гаднаас шатаа тавьж Нацаг шат даган хэрмэн дээр гармагц шатаа авч дотогш нь тавиад түүгээр дамжин хашаанд орж, дөрвөн тэн барааг нэг нэгээр нь ваадантай юм өргөж байгаа юм шиг л өргөж авчраад шатны дээгүүр хэрэм давуулан шидэж өгсөнд Жамц нь тосч авсан байна. Ийнхүү дөрвөн тэн барааг хоёр хоёроор нь тэгнэж үүрээд, Нацаг нь баруун гартаа шатаа сугавчлаад ганц ч амралгүйгээр Гандангийн дэнж өөд өгсөж явсаар Дүйнхор вангийн хашаанд хүрчээ. 


Тухайлбал Дундговь аймгийн Луус сумын нутагт өртөөгөөр дайрч яваа ядарсан хүмүүсийг тосч дээрэмддэг, уналга хөсгийг нь булаан авч улмаар зодож нүддэг Харчингийн Төмөр гэгч дээрэлхүү танхай эр байж. “Хулгар” Нацаг энэ эрийн тухай дуулж сонсоод түүнийг нам дарахаар Дайчин вангийн хошуунаас хоёр морь хөлөглөөд Дундговь аймаг руу зориуд хөдөлжээ. Тэгээд Харчингийн Төмөрийн байдаг газрыг асууж сурагласаар явтал нэгэн худаг дээр хэдэн бараан адуу харагджээ. Тэр хавийн нэг хүнээс асуувал “Энэ адуунууд Харчингийн Төмөрийн адуу. Гэр нь энүүхэн хавьд байдаг юм” гэхээр нь Нацаг шууд худаг дээр явж очоод нугасаараа эвхэгдээд урт болчихдог төмөр уургаа гаргаж хуйвлаад бусдаасаа онцгойрсон хоёр сайхан морийг бариад авчээ. Тэгээд Төмөрийг ирэхийг хүлээгээд тамхи татаад суучихаж. Төдөлгүй өмнө зүгээс урт уурга чирсэн морьтой хүн ирж яваа харагджээ. Тэр хүн шууд давхисаар худаг дээр ирж өөрийнхөө адууг гүйлгэж харсанаа Нацаг дээр ирж “Ус нутагт минь ирчихээд унаган морьдыг минь шоглож суудаг чи ер нь хэн бэ” гээд “Хулгар” Нацагийн толгойд уурганыхаа хуйвыг углаад эмээлийнхээ араар суугаад татаж гарчээ. Нацаг нэг их түүртсэн шинжгүй уурганаас нь ганц дугтартал Харчингийн Төмөр хар эрчээрээ газарт харуулдаж унасан байна. Нацаг түүнд босохын завдал өгөлгүй шүүрч аваад хоёр хөлнөөс нь бариад доош унжуулж худгийн усанд толгойгоор нь хэсэг дүртэл түүний гар хөл сарвалзаад явчихаж. Эгээ л үхэхийн даваан дээр худгаас татаж гаргаад газар хэвтүүлтэл Харчингийн Төмөрийн ам хамраас ус олгойдоод, хахаж цацаад сүйд болжээ. Тэгээд нэг юм сэхэх аядаад ирмэгц нь Нацаг “Ээ, чааваас. Олигтой ч эр бол доо. Ядарсан ардыг дээрэмдэж дарлахаа болиорой чи. Хандчин вангийн “Хулгар” Нацаг гэж дуулсан уу. Тэр чинь би байна” гэхэд Төмөр дэмий л толгой дохин гөлөлзсөн гэдэг. “Хулгар” Нацаг тамхиа татаж дуусаад “Хоёр морийг чинь би аваад явлаа. Хоншоор чинь байвал хойноос очоод аваарай” гээд морджээ.


Нэг удаа “Хулгар” Нацаг ганзага нийлдэг нэгэн сайн эрийн хамт Говь мэргэн вангийн хошууны нутаг руу орж захын айлд бууж зам асуухад гэрийн эзэн “Та хоёр баруун гүвээг давсан жимээр явж огт болохгүй шүү. Маш аюултай. Тэр зүгт нэг айхтар махчин гарсан гэнэ лээ” хэмээжээ. “Хулгар” Нацаг гэрийн эзний ярьсаныг нэг их тоосонгүй. Хоёр сайн эр тэгэхээс тэгэх гэсэн юм шиг мөнөөх жимээр явахаар шийджээ. Хамт явсан нөхөр нь замдаа нэг айлаар саатаад араас нь очихоор болж. “Хулгар” Нацагийг цааш явж байтал нэг том хар гэр тааралдсан байна. Нацаг юу ч бодож саналгүй тэр гарт ортол дөрвөн мөчөөрөө тэлж баглуулсан хижээл насны хүн хэвтэж байжээ. Тэр хүн Нацагийг хармагцаа “Би ч азтай юмаа. Яасан заяа нь дэлгэрсэн хүн бэ. Ахыг нь хэдэн хүн хүлж баглаад хамаг мал дээрэмдээд явчихлаа” гэж үглэхээр нь Нацаг мөнөөх л тусч зангаараа хүлээснээс нь ангижруулжээ. Тэгтэл мөнөөх хүн гэв гэнэт Нацаг руу шүдээ ярзайлгаад дайрчээ. Нацаг махчинтай учирсанаа сая л ойлгож дээр дороо орон ноцолдсон байна. Гэвч мөнөөх махчиныг тийм ч амар дийлсэнгүй. Хүний мах иддэг болоод ч тэр үү, хүч гэж аймаар байсан тул Нацаг дэмий л нөхрийгөө ирэхийг хүлээгээд байдаг чадлаараа дараад хэвтчихэж. Харин аз болж нөхөр нь нэг их удалгүй ирсэнээр мань хоёр мөнөөх махчиныг арай гэж хүлж номхруулжээ.


Нацаг цэнхэр бор мориороо алс холын яанд явахдаа ноёд баядын хоттой хониноос хамгийн тарганыг нь давхилтан дундаа шүүрээд алга болдог байж. Тэр ч байтугай цэнхэр бор мориороо багашаархан биетэй гуна шүүрч байсан гэдэг. Нэг шөнө нөхцөлгүй харамч баяны шүдлэн үхрийг цэнхэр бор морин дээрээсээ шүүрч аваад давхичихсан гэдэг билээ. Мөнөөх баян хүний мөр гараагүй мөртлөө уяатай байсан үхэр нь алга болчихсонд учиргүй гайхаж байсан гэдэг. 


Их аварга Ш.Намхай нутгаас гараад наадамд явахдаа хээр хоногложээ. Гэтэл шөнө нэг хүн ирээд аваргын дэрлэсэн богцыг авахаар татжээ. Аварга нэг гараараа богцоо татаж цаад хүн ч татаад булигаар богцыг тастаж орхиж. Аварга “Өө, энэ чинь хулгар нохой юу даа” гэхэд нөгөөх нь “Чи Намхай юу“ гээд инээлдэж байсан гэдэг. Тэр хулгар нохой гэж дуудуулдаг нь Халхын нэрт арслан шилийн сайн эр Нацаг байсан аж.


Нэгэн цасан шуурганаар аварга Ш.Намхай арслан Нацаг нар босохгүйгээр хэвтсэн тэмээдийг дамжлан өргөж майхны хаяагаа дарж, дулаан хоносон гэдэг.



2. Түшээт ханы Намхай аврага /Жинхэнэ нэр Ш.Сандаг-Очир/

- Угалзын дунд цохионы өвөрт Шагдарынх намаржиж байв. Тэднийд хөтөлгөө мориндоо хүнд юм ачсан, жигтэйхэн том богц ганзгалчихсан, булиа том биетэй нэгэн хүн иржээ. Тэр хүн хүнгэнэсэн хоолойгоор гэрийн эзнийг дуудан, нохой хориулаад гэрт оржээ. Нөгөө хүн өрхийн тэргүүн Шагдартай ойр зуур ярилцан, цай ууж байснаа тэднийд хоноглохоор болжээ. Тэгээд морь малаа янзлахаар Шагдартай хамт гартал, хэн нэг нь бүх ачаа тээшийг нь буулгачихсан байна гэнэ. Тэр хүн "Үгүй ер хэн үүнийг дааж буулгадаг байна аа" гэж ихэд гайхсан янзтай асуужээ. Гэтэл 15 орчим насны Намхай хүү "Ах аа, таны морины нурууг амраахаар би буулгачихсан юм аа" гэв. Нөгөө хүн 'Би даншигийн заан хүн. Үүнийг хүнтэй нийлж арайхийн морин дээр гаргасан юм. Танай энэ хүү ер бусын их тэнхээтэй юм байна" гэжээ. Маргааш нь Намхай хүү ачаа тээшинд зочныхоо гарыг хүргэлгүй үзэггүй ачихад тэр хүн ихэд бахадсан шинжтэй: "За Шагдар гуай минь, танай энэ хүү биднийгээ олон жил баярлуулж, танд нэгийг дуулгах вий" гэж хэлээд явсан гэдэг.  

- Долоо хошуу даншиг наадмын үеэр нэгэн зун олон наадамчин гадаа том тогоо зоож, үхрийн мах мөч, мөчөөр нь эвдэж хийгээд чанаж байжээ. Гэтэл чанасан махаа гаргаад идэцгээх үеэр нэгэн залуу эр хүрэлцэн иржээ. Байдлыг үзвээс энэ наадамд барилдахаар ирсэн нь ил байсан учраас бөх хүнд булчин голдуу мах өгдөг ёсоор үхрийн нэгэн шаант авч өгчээ. Нөгөө хүн уг шаантыг шүдээрээ мөлжиж идэж дуусаад, дотоод хормой, алчуур хоёроороо хоёр үзүүрийг нь жийрэглэсхийж баримагц ясыг нь амархан хуга мушгиад, чөмгийг нь сорж, нэг үзүүрийн чөмгийг дэргэдээ байсан хүнд өгчээ.

- Намхай аварга нутгаас гараад их наадамд барилдахаа явах замдаа хээр хоножээ. Тэрбээр том хар богцтой явсан тул түүнээ дэрлээд зүүрмэглэн хэвтэж байв. Гэтэл шөнийн харанхуйд нэг хүн ирээд аваргын дэрлэж хэвтсэн богцыг толгой доороос нь сэм сугалан авахыг оролджээ. Үүнд Намхай аварга нэг гараараа богцны ёроолоос барьж чангааж байсан тул цаад хүн нь аяархан татаад дийлэхгүйгээ мэдээд, чанга татаж булигаар богцыг нь тас татчихжээ. Үүнийг үзмэгц цаад хүн нь "Өө чи Намхай юу" гэхэд Намхай нь "Аа чи муу Хулгар нохой юу" гэж биесийг таниад инээлдэж байсан гэдэг. Цаад хүн нь Намхайн сайн танил Дайчин вангийн "Хулгар Нацаг" буюу Баянмөнх арслан мөн байжээ.

- Нэгэн удаа Дайчин ван өөрөө өвлийн ид хүйтэнд Хүрээ рүү ирж явахдаа тэмээн хөсгөөр хэдэн хүний хамт явсан гэдэг. Тэдгээр хүмүүсийн дотор Намхай аварга, Хулгар Нацаг нар байжээ. Гэтэл шөнө хүчтэй шуурганаар буудаллаж, том майхнаа босготол цасан шуурга хаяагаар нь ороод майхныг авч хаях гээд хаяа манах юм олдохгүй байжээ. Ингээд цөмөөрөө гайхан байтал хулгар Нацаг Намхайг дуудаж цасан шуурганд босохгүйгээр хэвтсэн хомтой тэмээдийг хэвтээ чигээр нь дамжлан өргөж, майхныхаа хаяаг даруулан тавилъя гэжээ. Тэгээд энэ ёсоор хоёул хэвтээ тэмээнүүдийг дамжлан өргөсөөр том майхны хаяаг тойруулан тавилж даруулсан тул дулаан хоносон байна.

- Намхай аварга нэг гол усны Махвал хэмээгчтэй айлын найранд очжээ. Барилддаггүй болохоос том бие, бяр чадлаар нутаг усандаа гайхагддаг тэр эр "Хүлээж байгаарай" гэчихээд хүлээлгээд гарч ирэхгүй болохоор нь орхиод гүвээ даваад шогшиж байтал араас нь давхин ирж агсамнан аваргын нуруу хүзүү дундуур хэд хэд ташуурдаад авав. Намхай "Золиг чи халчихаа юу даа" гэтэл ташуураа тархин дундуур нь буулгаад авах нь тэр. Тэгэнгүүт аварга ташууртай гараас нь гуд таттал морьтойгоо хамт унаж, хэсэг чиргүүлээд орхижээ.

- Намхай аварга ид барилдаж байх үед баруун аймгийн аянчид Жаран Цөнгөрөгийн голд буудалдан хоноглох үед нэгэн том ат шаварт зоогдон, хичнээн оролдоод гаргаж чадалгүй аваргыг ойр байгааг сонсож гуйжээ. Аварга очиж бүхэл биеэр нь ороосон аргамжаас цээжээ оруулан зүтгэтэл ат шавраас дуутай нь аргагүй сугаран гарчээ. Эзэн ихэд олзуурхан билэгшээж, хар хашин хөөргөө бэлэглэжээ

- Намхай аварга наадамд явахдаа цэгээн дэлтэй том цавьдар морь унадаг байжээ. Тэр морь ихээхэн ороо учир хэн хүн уургалчихдаггуй. Харин аварга өөрөө Сайхан сумын нутаг Орхон голын савд багтах Улааны зүүн хавцалд адуугаа шахуулж, баруун талын цоргоор цувуулаад,цавьдар морио хажуугаар шургахад нь далан дээр нь алгадаж атган, тогтоон барьдаг байжээ. Тэгээд хэд хоног сойж хагсраагаад, наадамд явах өглөө эмээллээд мордоод булгих гэхээр нь сэрвээнээс нь нэг атгачихад булгиж чадалгүй номхордог байжээ.

3 . Санбээсийн хошууны Хүдэр даян аварга Гомбо

- Өдөр бүр ээлж халаагүй аргалд явдаг хүү улам хүч тамир орон зузаарч, хур хүчтэй тарган шар нь өдөр хоног өнгөрөх тусам тураад байгааг малч гярхай эзэн нь ажиглаж мэдээд учрыг нь олохоор нэг өдөр Гомбожав хүү аргалд явахад нь мордож нэгэн довцог дээр гарч суугаад зарц  хүүгээ юу хийж байгааг  тандаж дуранджээ. Хүү аргалаа түүж дуусчихаад тэргээ буулгаж, шартайгаа ноцолдож эхлэв гэнэ. Харсаар байтал бүдүүн шарыг дээр өргөөд шидэх юм уу, эвэрдэж муриад дээш харуулчихаж байгаа харагджээ. Бага үд өнгөртөл ноцолдсон шар нь эцэж туйлдаад босож чадахаа больжээ. Тэгмэгц хүү шараа өргөж босгон хөтөлж, өөрөө тэргэнд орж аргалаа гэрийн ойролцоо авч ирээд шараа тэргэнд оруулж, гэрийн гадаа аргалаа буулгаж байжээ.
- Наадмаас ганц өдөр хоцорч очсон ч ам авч барилдах эрхтэй даншгийн цолтой том бөхчүүд замдаа айл хэсэж, дайлуулж наргиж цэнгэж налайгаад мөд хүрээ орох шинжгүй болохоор нь аманд гарч үзээгүй хөвгүүн ихэд яарч том бөхчүүдээс хүрээ орох зам заалгаж аваад түрүүлээд алхжээ.Гэтэл газар мэдэхгүй хөвгүүн ууланд төөрч будилж арайхийж нэг айл олж хүрээ орох зам асуужээ. Уранхай ноорхой хувцастай биерхүү булиа хөвгүүнийг гэрийн эзэд тараг хоормогоор дайлснаа, "Уг нь энэ уулыг эгц даваад явбал хүрээ ойрхон л доо. Даанч хүн барьж иддэг баавгайтай болчихоод түүгээр амьтан явахаа байчихаад тээр баруунтайх уулын бэлээр тойрч хоёр, гурав хонож очдог болоод байгаа юм" гэхэд баавгай үзээгүй талын хөвгүүн “Баавгай гэж ямархуу амьтан байдаг юм бэ? Хэр зэрэг чадалтай амьтан бэ? Бие нь том уу?” хэмээн гэрийн эздээс асууж лавлаад бүрэнхий болохоос өмнө дөт замаар хүн барьж иддэг баавгайтай давааг чиглэн алхсанд гэрийн эзэд “Хөөрхий дөө. Хаа газрын тэнэг, тэнэмэл амьтан юм бол доо. Хэлсээр байхад махчин баавгай руу яваад өгөхийг бодоход маанаг амьтан байхаас зайлахгүй” гэлцсээр хоцорчээ. Шөнө дундын алдад гэрийн хана шажигнаж, унь унаж эхлэхэд өнөө айлынхан учиргүй айж “Өнөө маанагийг баавгай барьж идчихээд биднийг барьж идэхээр мөрөөр нь ирснээс зайлахгүй” хэмээн айж эмээцгээж байтал хаалга онгойж бүдүүн хар юм орж ирэх шиг болсноо пидхийтэл газар ойчоод чив чимээгүй болчихов гэнэ. Гэрийн эзэн шүдэнз зурж харвал өнөө залуу цус нөжтэйгээ хутгалдчихсан хэвтэж байх нь тэр. Түүний цус нөжийг цэвэрлэнгээ учир явдлыг лавлавал “Шөнө даваан дээр гартал их үстэй том хар амьтан над руу гэнэт дайрлаа. Сандрахдаа чихдэж аваад хоншоороор нь газар цохиод байлаа. Тэгтэл ашгүй өнөө амьтан нэг юм нүд аньж, хоёр шууны арьс, мах зулгарч гүйцсэн болохоор танайх руу ирлээ” хэмээжээ. Үлэмжийн бяртай хөвгүүнийг өрөвдсөн гэрийн эзэд шархыг нь угааж цэвэрлэж боогоод хоол, унд өгөөд унтуулжээ. Нэгэнт айх аюулгүй болсон тул Гомбожав хүү маргааш нь өнөө замаараа Да хүрээг зорьжээ. Түүнийг явсны дараа ярьсан зүйл нь үнэн эсэхийг шалгахаар нутгийн хэдэн анчин буу саадаг агсан хүн барьж иддэг баавгайтай даваан дээр гарч харвал асар том баавгайн толгойны арьс хоншоороор нь цохисоор байтал ухагдсан нүхний ирмэгт шамарч өвчигдсөөр хоёр чихэндээ хүрч, нүхний ирмэгт үрэгдсээр хөвгүүний хоёр шуу улаан нялга болсныг сая мэдэцгээж ирээдүйн даян аваргын хүч чадлыг гайхаж биширсэн гэдэг.

- Сэцэн хан аймагт ажиллаж асан Хятадын худалдааны том пүүсийн эзэн данжаад нэг өдөр Хүдэр даян аваргыг гэртээ урьж, Би Бээжин явна. Ми миний ачаа хөсгийг хамгаалж Бээжин хүргэж өгваа. Би чамд их шан хөлс өгнө гэсэнд Хүдэр даян аварга тэр пүүсийн жингийн цувааг хамгаалагчаар явсан юмсанж. Хятад пүүсийн эзэн өдгөөгийн Өвөр монголын нутгийн гүнд орж нилээд явснаа гэнэт жингийн цуваагаа зогсож, энд үдэлнэ. Ачаагаа буулга хэмээн тушааж, Хүдэр даян аваргыг дуудаж, "Чамайг маш их чадалтай сайн бөх гэж дуулсан. Чи энэ чулууг өргөж тэр чулуун дээр тавибаа. Тэгвэл чамд их шан өгнө" гээд буй бүдүүн үхрийн дайтай хөх чулуу руу зааж гэнэ. Хүдэр даян аварга зодог шуудгаа өмсөж, цолоо дуудуулснаа өнөө нүсэр том чулууг сэвхийтэл өргөж том хадан дээр аваачиж тавьсанд Хятад данжаад амласан ёсоороо түүнд их шан өгч чулуучнаа дуудаж “Энэ чулууг халхын Хүдэр даян аварга өргөж тавив” хэмээн бөөрөн дээр сийлсүүлсэн нь түүний мөнхийн хөшөө дурсгал болон өдгөө хүртэл бараа сүртэй харагдаж байдаг ажээ.

4. Арван баядын Гонгоо арслан
Арван баядын алдарт бөх, даншгийн арслан Гонгоо агсан өөрийгөө таван атны тэнхээтэй хэмээн ярьдаг, тэр нь амьдрал дээр барин тавин батлагддаг байжээ. Жингийн нэг атанд далан кг жинтэй гурван шуудай гурил ачдаг бол Гонгоо 15 шуудай гурил буюу нэг тонн ачаа өлхөн үүрээд явчих тэнхээтэй бөх байжээ. Нэг намар нутгийн тэргүүн баян Норов эсгийгээ хийгээд дуусч байхад очжээ. Тус бүр таван алдын 12 эсгий хийсэн өнөө баян Гонгоогийн хүч чадлыг үзэхээр шийдэж, "Чи үнэхээр арван баядын босоо бөх юм бол таван алдын 12 нойтон эсгий үүрээд голын цаана байгаа гэрт минь хүргээд аль. Тэгвэл чамд аргил бүдүүн ирэг бэлэглэмц"  хэмээн ам гарчээ. Таван алдын нойтон эсгийг чадал муутай эр хүн хол газар үүрч хүргэхээргүй хүнд эд гэдгийг азай буурлууд андахгүй. Нэг нойтон эсгий үгүйдээ дал, наян кг жинтэй нүсэр эд бөлгөө. Эсгий хийлцсэн хүмүүс Норов баянд хандаж, "Арван баядын босоо бөхөд та дэндүү баярхаж, хэтэрхий ам гарч байгаа юм биш үү? Таван алдын 12 нойтон эсгийг хүн байтугай тэмээ даахгүй шүү дээ. Баярхана баярхана гэхэд арай дэндэнэ ээ. Танайд ямар тэмээ байхгүй биш хэдэн тэмээнд ачаад хүргэчих л дээ" гэлцэхэд бяр чадалдаа найдсан Гонгоо арслан шинэ шөл уумаар санагдаж, "Норов баян ам гарч л байг. Та нар элбээд энэ хэдэн эсгийг дөрвөлжлөөд боочих. Хэрвээ би даахгүй бол унаж яваа морио өгчихөөд хоёр зээрдээрээ жирийлгээд харья" гэхэд эсгийчид шуугилдан байж 12 эсгийг дөрөв нугалж давхарлаж бооход бага шиг байшингийн дайтай ачаа болов гэнэ. Даншгийн арслан гогцоонд нь шуугаа оруулж, хөлөө нугалж суугаад ачааг үүрээд босоход наамал ултай хятад гутлынх нь ул нойтон зүлгэнд гүнзгий шигдэхэд хөлөө ээлжлэн өргөж суга татаж аваад Норов баяны гэрлүү хүнд эсгийнд түүртсэн янзгүй алхсанд эсгийчид даган гүйлдсээр баяны гадаа очиход Гонгоо үүрсэн эсгийгээ шидэж орхисонд баглаа нь тас үсэрч, эсгий задрахыг нүдээрээ харсан харамч баян хэлсэн амандаа бантаад “ Чи аргагүй арван баядын босоо бөх юм. Гэрт орж цай ууж, хоол идчихээд хонь ирэхээр дуртай иргээ барьж аваад яваарай” гэжээ.

5. Дүрвэд далай ханы Архаг Жумаг

- Урианхайн бөх Жумаг гэж ганц бие хүн байсан. Хагас тоно орчим жинтэй мөлгөр энэ чулууг булган голын голдиргоос нутгийн зүг чиг заадаг овоотой дэнж дээр нэг ч амралгүйгээр өргөн гарган ирж байрлуулсан байдаг.
 Тэр нэг удаа арван нэгэн сарын үед айлын идэш дээр очиход нас бие гүйцсэн амбан шар төхөөрч байжээ. Шарын мах эвдэж байхад хоёр морьтой хүн ирж мэнд усаа мэдэлцэн хүмүүсээс танай энүүгээр чөдөр чиргүүлсэн хээр морь өнгөрсөн үү? гэж асууж гэнэ. Байсан хүмүүсээс үзсэн хүний дуу гарсангүй. Тэгтэл шарын гуя салгаж суусан Жумаг өглөө тэр доор цагаан түнгийн цаана хойд хөлөндөө чөдөр чиргүүлсэн хээр морь байсан гэж салгасан шарын гуя нэг гартаа бариатай чигээрээ зааж гэнэ. Тэнд байсан хүмүүс цөм гайхацгаан бөх Жумагийн бяр чадлыг бахдаж байжээ.
- Жумагийг авч, монгол шарын арьсаар ширлээд нутгийн зүг эргэжээ. Жумаг замдаа түшмэлээс тамхи татуулахыг хэд хэд гуйгаад өгөхгүй болохоор нь: "Би эзний зарлиг, төрийн цааз хүндэтгээд явж байгаа болохоос чиний гууртай бярууны арьсанд баригдаж яваа юм биш" гэж хэлээд цээж түрж, хөлөө хүчлэн жийхэд, шир нь тас язран урагджээ. Тэгэхэд түшмэл: "Амь өршөө" хэмээн өвдөг сөхрөн унахад: "Би таны амийг гуйгаагүй, тамхи гуйсан билээ" гэж хэлээд тамхийг нь авч татаж байсан байна.
- Жумаг баруун амбанд хүрэх замдаа ижилхэн гурван хар чулууг тулга хэлбэрээр байрлуулаад, дээр нь саахалт орчмын газраас том цагаан чулуу өргөж ирээд тавьжээ. Энэ нь одоогийн Ховд аймгийн Булган сумын нэгдүгээр бригадын нутаг "Өмнө цөөгийн ам" гэдэг газарт буй. Энэ чулуу нь диаметрээрээ 1.10 метр, өндөр нь 1.2 метр орчим, хоёр ширмэн тогоог амсраар нь нийлүүлэн тавьсан юм шиг бөөрөнхий хэлбэрийн чулуу байжээ.
-  Жумагийн ийн баруун амбанд аваачихад, амбан гарыг нь гавлаж: "Чи үнэхээрийн хүчтэй юм бол энэ гавыг эвдэл. Тэгвэл чамайг цаазнаас өршөөе " гэхэд, Жумаг гавтай гарынхаа завсраар өвдгөө оруулж байгаад хүчлэн жийхэд гав тас үсэрч, хугархай нь гэрийн хананы толгойд тусч улмаар хананы мод хугарч байжээ.

6. Даншигийн их аварга Буянтогтох


- Буянтогтох нь 14 орчим настай байхдаа намар оройхон тарган бярууны тулам дүүрэн махыг өргөөд тэргэн дээр шидэхэд арал нь хуга үсэрч байжээ.

Нэг удаа хаврын тарчиг цагаар унаж явсан морь нь сульдаж ядран явах тэнхэлгүй болжээ. Мориныхоо толгойд давхар суран жолоо хийж бараг чирч явтал, хүрээ хийцийн ганган эмээлтэй тарган буурал морь унасан лам тааралдаж “За хө, чи чинь энэ муу морио чирч гулдраад яах нь вэ? Хүзүү нь тасрах гэж байна. Чи ийм том биетэй сайхан залуу, чаддаг юм бол морио үүрээд яваач” гэж егөөджээ.

Буянтогтох: Үүрвэл ч болох л байлгүй, харин та юугаар мөрийцөхсөн бол?

Лам: Ядах юу байхав, унаж яваа морио өгье.

Буянтогтох: Тэр ч болно шүү. Харин морио эмээл, хазаартай нь өгнө биз дээ?

Лам: Чи морио үүрч манай хашааны гадаа очвол эмээл хазаартай нь өгье л дөө гэв.

Буянтогтох: Танайх хаана байдаг, хэнийх гэдэг айл вэ?

Лам: Гандах дахь Өрлүүдийн хамгийн нүүрэнд байдаг Бүтэмжийнх гэдэг айл даа гэв.

Буянтогтох:  “Аа энэ чинь Өрлүүдийн Бүтэмж гэдэг сүрхий баян лам биеэрээ байх нь” гэж бодоод олон үг дуугаралгүй бүсээ тайлж хормойгоо шууж зангидаад морио хэвтүүлж дөрвөн хөлийг нь бүсээрээ боож: Та мориныхоо цулбуурыг өгчих, хэрвээ таныг давхиад явчихвал ядарсан явган би яаж гүйцэх вэ гэжээ. Лам ч мориныхоо цулбуурыг атгуулжээ.

Буянтогтох морио чөдөрлөж хөлийнх нь хоорондуур цээжнийхээ талыг хийн эгэлдэргэлж үүрээд ламын морийг хөтлөн алхаж гарчээ. Замд тааралдсан хүмүүс “Энэ чинь ноднин даншигт барилдаж байсан Буянтоо аварга мөн байна. Мөн ч сайхан тэнхээ еэ” гэлцэж байв. Богдын хүрээ дундуур орж Сэлбийн улаан модон гүүрээр гарч Гандангийн зүүн хүрээ өөд өгсөхөд хөл нь нугарчих гээд цээжинд нь цус амтагдан маш зүдэрч явжээ. Бүтэмж ламын хашааны үүдэнд арай гэж хүрч морио буулган бүсээ тайлж бүслээд, ламбугайн сайн морь, сайхан эмээлийг нь мөрийд авч давхин одсон гэдэг.


Том хүрэн бух ч нүдээ эргэлдүүлэн шилээ шөргөөгөөд мөргөлдөхөөр өрж зогсохыг харсан баян сандран: - Яадаг билээ та минь ээ! Энэ лут хүрэн бух манай харыг гэмтээчих вий дээ! хэмээн халаглан хэлэх агшинд хоёр бух ч эврээ тар нярхийлгэн мөргөлдөж эхэлжээ.... Х.Буянтогтох аварга хоёр бух мөргөлдөхийг сонирхон харж байснаа: - Танай хар бух ч баяны сүргийн эзэн гэсэндээ бяртай л байх шиг байна шүү гээд инээхэд баян: - Балчир амьтан яаж дийлэх вэ энэ том хүрнийг. Энэ хоёрыг яаж салгах билээ. Буянтоо аварга минь чи ч салгаж чадахгүй биз дээ? гэхэд Буянтогтох аварга: - За яахав оролдоод үзие л дээ гэснээ ач тач мөргөлдөж байгаа хоёр бухын хажууд хүрч очоод хоёр бухыг мөргөлдөхөөр холдох хооронд нь малгайгаа шиджээ... Бухнууд ч мөргөлдөхөөр зүтгэхэд аварга ухасхийн хоёр бухны нэг нэг эврээс нь шүүрч аваад хоёр тийш алдлан татаж холдуултал бухнууд улангасан өөд өөдөөсөө зүтгэв. Аварга шүд зуун дахин гараа арагш болгоход бухнууд аваргын гарын аясаар арагш болж байжээ... Ийнхүү эврээсээ хэдэнтээ угз татуулсан бухнууд тулалдаанаа зогсоох янзтай болоход Х.Буянтогтох ч гараа тавьж сэгсчин: - Мөн ч бяртай амьтад байна шүү гээд толгой сэгсрэн инээж зогсчээ. Хоёр бух ч толгойгоо сэжилсээр хоёр тийшээ яваад өгсөн гэдэг.

- Төв аймгийн Баян Рэнчин гэж (нутгийнхан хөмсөг Рэнчин гэх) нэлээд хүдэр эр айлд очоод явж байтал нуурын хөвөөний хаяанд морио сойчихсон нэг хүн байж байхыг хараад очжээ. Очтол Буянтоо аварга байна гэнэ. Аваргын нэг үхэр нуурын шаварт шигдэж. Аварга Рэнчинг харж бөөн баяр болж “Ашгүй чи ирлээ, би ийм л азтай золиг байгаа юм” гээд олзуурхаж. Ингээд үхрээ татан гаргах болж. Авара Рэнчинг “За чи олигтойгоороо урьд нь ор би араас нь татья гэсэн гэнэ. Ренчин угаас бяртай ч залуу ч хүн байж. Сэтгэлд нь багтаад татаж. Гэвч хөдөлгөсөнгүй. Аварга араас нь татаж байгаа юм уу үгүй юм уу бүү мэд. Тэгтэл аварга ганцаараа би нэг үздэг юм уу гээд татсан чинь шууд чирж гаргаад ир. Тэгээд Рэнчинд “Би чамайг овоо тэнхээтэй юм байж гэж бодсон хариугүй эр шив дээ” гэж ёжилжээ.


Үргэлжлэл бий . . .








Хуваалцах:

0 comments:

Post a Comment